Бүрд группийн 10 жилийн ойн баярын хурал боллоо

2015-02-06


Бүрд группийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой 2015 онд тохиож байгаа. Энэ үйл явдалд зориулан тус компанийн хамт олны баярын хурал, хүлээн авалт 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “ Блюү Скай" зочид буудалд боллоо.

Бүрд группийн Ерөнхийлөгч ноён Ш.Батцэнгэл хамт олондоо хандан баяр хүргэж хэлсэн үгэндээ:

“Өнгөрсөн 10 жилийн хугацаа бол олон төрлийн бизнесийн үйл ажиллагааг шинээр эхлүүлж, онож, алдаж, ажлын туршлага хуримтлуулж, бас түүгээр дутаж, түүнээсээ сургамж авч, эдүгээ 60 гаруй ажиллагсадтай групп компани болтлоо өргөжин хөгжсөн түүхэн он жилүүд байлаа."

“Бид шударгаар өрсөлдөх зарчмаар улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах Монголын ард түмэнд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйлсийг хийж бүтээх, улмаар ажиллагсадынхаа нийгмийн байр суурийг дээшлүүлэх зорилгоор “Бүрд групп"-ийг үүсгэн байгуулсан."

“Аливаа ойг тэмдэглэхдээ баяр ёслол гэхээс илүү өнгөрсөн үедээ дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо тодорхойлох боломж болгодог байх ёстой учраас ирээдүйд та бидний өмнө тавигдаж буй зорилго, зорилтын талаар цөөн зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна."

“Бүрд группийн хамт олон бид ойрын таван жилд нэгдүгээрт үл хөдлөх хөрөнгө, хоёрдугаарт барилга, дэд бүтэц, гуравдугаарт барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, дөрөвдүгээрт аялал жуулчлал гэсэн 4 үндсэн салбарт үйл ажиллагаагаа төвлөрүүлэн, эдгээр салбар бүрт тэргүүлэгч болохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно."

“Дунд хугацаанд буюу дараагийн 10 жилд бид хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбарт хүч үзэхээр төлөвлөж байгааг хэлэх нь зүйтэй."

“Бид бүтээн байгуулагчид байх болно. Бид үйлдвэрлэгчид байх болно. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг баялаг бүтээгчид байх болно. Бид хийхгүй бол хэн хийх юм бэ? Бид чадна." хэмээн ажиллагсадынхаа урам зоригийг сэргээсэн үг хэллээ.

2015 ондоо 10 жилийн ойд зориулсан ажлын хүрээнд олон чухал, утга агуулга бүхий арга хэмжээнүүд тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжлэн явагдана.