Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл

2015-03-13

Hийслэлд гэр хорооллын 203 мянга орчим айл өрх байгаа ба нийт 600 мянга орчим тонн нүүрс түлшиндээ хэрэглэж жилдээ дундажаар 578384 тонн хүлэмжийн хий, 304414 тонн нүүрс төрөгчийн исэл, 3095,7 тонн дэгдэмхий үнс хаягдаж агаар болон газрын хөрсийг бохирдуулж байна. Бохир ус зайлуулах системгүй гэр хорооллын эргэн тойрны хөрсний бохирдлыг инженерийн хангамжтай орон сууцны орчинтой харьцуулахад химийн бодисын бохирдолт 28,5 дахин, нянгийн бохидолт 10 дахин их байгаа нь судалгаагаар нотлогдсон байдаг.

Сүүлийн жилүүдэд Нийслэл хотын тулгамдсан асуудал болох авто машины түгжрэл, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас хамгийн оновчтой шийдэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл юм.

НИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмыг баталсан бөгөөд мөн оны 05 дугаар сард төсөл хэрэгжүүлэгч анхны компаниудыг шалгаруулж байсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 22 байршилд 35 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх батламжаа авсан байна. Эдгээр 16,109 нэгж талбарын 1506,1га талбай бүхий байршилд Улаанбаатар хотын нийт гэр хорооллын газар нутгийн 20 орчим хувь, 70 мянга гаруй гэр хорооллын иргэд хамрагдаж байна. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд 694 нэгж талбарын 34.7га газрыг бүрэн чөлөөлж, 3200 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна. Үүнээс 2014 онд “Хера пропертийз” ХХК нь 168 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулсан.